Дэлхийн улсууд 346 хүний аминд хүрсэн “Боинг”-оос татгалзаж эхэллээ.

Агаарын салбар дахь 2019 оны хамгийн том сүйрэл өчигдөр болж, дэлхий нийтээрээ олон зуун хүний үхлийн гэрч боллоо. Тодруулбал Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц осолджээ. Ослоор тус онгоцонд зорчиж явсан 157 хүн амиа алдлаа. Онгоц хуваарийн дагуу Этиопын нийслэл Аддис Абеба хотоос Кенийн нийслэл Найроби хот руу нислэг үйлдэж байжээ. Онгоц хөөрөөд 1-2 минутын дараа станцаасаа холбоо тасарч, зургаан минутын дараа осолдсон болохыг тогтоолоо.

Ослын газар аврагчид хугацаа алдалгүй очсон ч ганц ч хүнийг эсэн мэнд аварч чадаагүй байна. Аврагчид хэдхэн хормын өмнө онгоцны хоёр хар хайрцгийг олж, мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн талаар тус улсын Тээврийн яамнаас уламжлав. Тус улсад анх удаагаа олон хүний аминд хүрсэн томоохон онгоцны осол болсон учир орон даяар гашуудал зарлажээ. Мөн томоохон телевизүүд энтертаймэнт нэвтрүүлгүүдээ зогсоосон байна. Эрх баригчид АНУ болон “Boeing” компанийн мэргэжилтнүүдээс тусламж хүсч, шалгалтын ажиллагаанд хамтран ажиллахыг хүссэн аж. Хамтарсан багийн шалгалтын эхний дүгнэлт ирэх долоо хоногт гарна.

Хормын төдийд сүйрсэн онгоцонд Канад, Итали, БНХАУ болон Кени, Этиоп зэрэг 30 гаруй орны иргэд зорчиж явсан ба НҮБ-ын 20 гаруй мэргэжилтэн байжээ. Ослын дараахан эдгээр орны Ерөнхийлөгч нар төрийн далбаагаа хагас бөхийлгөн, амиа алдсан иргэдээ дурсав.

Этиопийн ерөнхий сайд Абий Ахмед “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Энэ хэргийн буруутанг олох хүртлээ ажиллах болно” гэж мэдэгдээд, “Boeing” компанийн бусад загварын онгоцуудыг нислэгт гаргахыг хатуу хориглолоо.

Мөн Монгол Улс, БНХАУ, Өмнөд Африк, Кайманы арлууд болон Индонезийн Засгийн газар “Boeing 737 Max 8” онгоцоос түр хугацаагаар татгалзахаар болжээ. Харин АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа “Boeing”-ийн шинэ загварын онгоц техникийн хувьд аюулгүй хэмээж, үргэлжлүүлэн ашиглах болно” гэлээ.

Уг мэдээлэлтэй зэрэгцэн Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани энэ онд зургаан ширхэг “Boeing 737 Max” онгоцыг  нисгэхээр төлөвлөж байснаа түр хугацаанд царцаажээ.

“Boeing” компани нэгдүгээр сард “737 Max”-ийн шинэ загваруудаа олноор нийлүүлсний 20 хувийг нь БНХАУ-д нийлүүлсэн байна. Энэ загварын онгоц “Boeing” компанийн үйл ажиллагааны ашгийн 30 хувийг бүрдүүлдэг.

Ийнхүү олон улс “Boeing” компанийн сүүлд үйлдвэрлэсэн “Boeing 737 Max” онгоцноос ТАТГАЛЗАЖ эхэллээ. Учир нь зургаан сарын өмнө Индонезийн “Lion Air” компанийн  “Boeing 737 Max 8” онгоц осолдож, 189 хүн амиа алдсан юм. “Lion Air” компанийн “Boeing 737 Max” онгоц хөөрснөөс 15 минутын дараа осолджээ.

Ийнхүү хэдхэн сарын зайтай “Boeing” компанийн “Boeing 737 Max” загварын хоёр онгоц осолдсон нь тус компанийн нэр хүнд газарт унахад хүргэлээ.