MH370 онгоц сүйрсэн болох нь батлагдлаа

MH370 онгоц сүйрсэн болох нь батлагдлаа

Өнгөрсөн долоо хоногт Францын захиргаанд байдаг Энэтхэгийн далай дахь Реюнион арлаас сураггүй болсон Малайзийн MH370 онгоцных байж болзошгүй далавчны хэсэг олдсон билээ.

Тэгвэл хэдхэн цагийн өмнө Малайзийн ерөнхий сайд Нажиб Разак олдсон далавчны хэсэг нь MH370 онгоцных мөн болохыг мэдээллээ.

Францын Тулуз хот дахь Нислэгийн туршилтын төвд арлаас олдсон далавчны хэсгийг шалгаж үзсэн олон улсын мэргэжилтнүүд ийм дүгнэлтэнд хүрчээ.

Разак хэлэхдээ “Өнөөдөр бол онгоц сураггүй болсноос хойшх 515 дахь өдөр. Надад хэдийгээр хүнд байгаа ч Реюнион арлаас олдсон онгоцны хэсэг нь MH370 онгоцных мөн болохыг олон улсын экспертүүдийн баг баталсныг дуулгахаас өөр аргагүй боллоо” гэлээ.

Тэр цааш нь хэлэхдээ “энэ бол MH370 онгоцны эрэл хайгуулын ажилд том эргэлт боллоо. Үүнээс өөр олон хэсгүүд олдож сүйрлийн нууцыг тайлах цаг ирнэ гэж найдаж байна” гэсэн байна.

Олдсон хэсгийг шалгаж баталгаажуулах олон улсын багт Францаас гадна Малайз, Хятад, Австралийн мэргэжилтнүүд оролцжээ.

Малайзийн иргэний агаарын тээврийн MH370 онгоц нь 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас Бээжин нисэх замд 239 зорчигчтойгоор сураггүй болсон юм.

Эх сурвалж: BBC, Xinhua