БНАСАУ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

БНАСАУ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Зам, тээврийн яамны “Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба” нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын “Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах” байгууллагатай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр гарын үсэг зурав.  

ИКАО-ийн Ази Номхон далайн бүсийн Нислэгийн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхйи зөвлөх Ноён Вэйн Чапин 2015 онд Монгол улсад ажиллах үедээ Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын үйл ажиллагаатай танилцаж БНАСАУ-ын иргэний нисэхийн “Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад” мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэхийг тус албанд санал болгосон. Үүний дагуу БНАСАУ-ын шинжлэн шалгах байгууллагын дарга Ри Мүн Ёон тэргүүтэй ажлын хэсэг хүрэлцэн ирж манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар иргэний агаарын хөлгийн осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгах салбарт хамтран ажиллах, харилцан туршлага солилцох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

Уг санамж бичгийн хүрээнд Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн Хавсралт 13-д заасны дагуу агаарын хөлгийн осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагаатай холбоотой сургалт, семинар зохион байгуулах, мэргэжлийн туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн уулзалтаар БНАСАУ-ийн зүгээс агаарын хөлгийн осол, зөрчлийн бүртгэлийн систем ECCAIRS программ дээр сургалтын чиглэлээр тусламж авах хүсэлтээ илэрхийлээд ирэх оны эхний улиралд багтаан сургалтанд хамрагдах санал тавьсан болно.